English
Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар Хуралдай

    Хойд Америкийн нутагт ирж суурьшсан Монголчууд бид өнгөрүүлсэн 20-иод жилийнхээ хугацаанд өөрсдийн гэр орон, хичээл сургууль, ажил амьдралаа бүрэн төвхнүүлж чадсанаар зогсохгүй, тухайн амьдарч буй муж, хот бүрнээ байгуулсан Монгол холбоод, сургуулиуд, олон нийтийн болон бизнесийн байгууллагууд нь хол дээрээ бүрэн зогсож уулзалт цуглаан, урлаг спорт, баяр ёслолын арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулладаг болж, улмаар “Улаанбаатар” хотын парк, “Тулга” хөшөө гэх мэт Монголын гэгдэх түүхэн байгууламжуудыг бүтээн цогцлоосноороо юу хийж бүтээж чаддагаа нотлон харууллаа. Монгол хэлэнд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг мэргэн үг байдаг билээ. Өнөөдөр бид нас биед хүрч өнгөрсөнд хийж бүтээснээ нэгэн цогц болгон, ирээдүйн их амьдралын далай руу бусадтай хөл нийлүүлэн алхах цаг нь боллоо.

    Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд АНУ, Канад улсуудад суугаа Монгол улсын элчин сайдууд болон албаны хүмүүс, Монгол улсад суугаа АНУ-ын элчин сайд, АНУ-д суугаа МУ-ын өргөмжит консулууд, Америк-Монголын олон нийтийн болон бизнесийн байгууллагууд, Монголчуудын холбоод, сургууль, клуб, хамт олон, хувь хүмүүсийн төлөөлөгчидтэй удаа дараалан уулзаж, тэдний хүсэл бодол болон өөрсдийн ажлын туршлага, судалгаа, дүгнэлтүүд дээр үндэслэн нийт Хойд Америкийн нутагт сурч, ажиллаж, амьдарч буй Монголчуудынхаа эрх ашиг, хүсэл сонирхолын төлөө дуу хоолой нь болон ажиллах “Хойд Америкийн Монголчуудын Нийгэмлэг”-ийг байгуулж, ийнхүү “Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар Хуралдай”-г албан ёсоор зарлан хуралдуулах гэж байна.

   “Хойд Америкийн Монголчуудын Нийгэмлэг” нь цаашид Цагаачлал, Эрх зүй, Нийгмийн оролцоо, Бизнес, Эрүүл мэнд, Боловсрол, Соёл урлаг гэсэн тулгамдсан чиглэлүүдийг түлхүү хөндөн ажиллах бөгөөд энэхүү Анхдугаар Хуралдайгаараа Цагаачлал, Боловсрол, Бизнес, ЭСЯ болон Өргөмжит Консулын газруудын үүрэг, хамтын ажиллагаа гэсэн 4-н сэдвийг сонгон хэлэлцэх гэж байна. Бид МУ-ын Ерөнхийлөгч, БСШУ-ы Сайд, Улаанбаатар хотын Захирагч нарт албан урилга хүргүүлсэн байгаа бөгөөд Анхдугаар Хуралдайд МУ-аас АНУ-д суух ЭСЯ-наас Элчин сайд болон төлөөлөгчид, Өргөмжит консулууд, АНУ-ын Хүн Амын Тооллогын Газар, Денвэр-Улаанбаатар Эгч Дүү Хотын Хорооны төлөөлөгчид, Хойд Америк-Монголын Бизнес Зөвлөлийн ерөнхийлөгч болон төлөөлөгчид, АНУ-аас цагаачлалын, уул уурхайн, бизнесийн, боловсролын байгууллагуудын төлөөллүүд, МУ-аас “ХААН” банкны гүйцэтгэх захирал болон дагалдах хүмүүс, “Silk Road” ресторан, “Saffron Bistro”, TV-9 телевизийн “Хоолондоо” нэвтрүүлэг болон бусад банк санхүү, бизнесийн байгууллагуудын төлөөллүүд одоогоор хамтран оролцохоор болооод байна. Дашрамд дурьдахад АНУ-ын Хүн Амын Тооллогын Газар, Денвэр-Улаанбаатар Эгч Дүү Хотын Хороо нь манай албан ёсны хамтрагчаар оролцож байгаа билээ.

    Манай Анхдугаар Хуралдай нь Денвэр хотын байгаль, шинжлэх ухааны музейд нээгдэх “Чингис Хааны Музей”-н нээлт болон “Чингис Хаан Гала” арга хэмжээнүүдтэй давхцаж байгаагаараа онцлог болж байгаа билээ. Энэ нь холоос ирж буй зочид төлөөлөгч та бүхэнд Чингис Хааныхаа музейг үзэн соёл урлагын Гала арга хэмжээнд нь оролцож, хол ойроос цугласан албаны болон бусад зочид төлөөлөгчидтэй танилцан дотносох сайхан боломж нээгдэж байна. Ингээд “Хойд Америкийн Монголчуудын Анхдугаар Хуралдай”-даа Хойд Америкийн өнцөг булан бүрт байгаа Монголчуудын холбоод, Америк Монголын олон нийтийн болон бизнесийн байгууллагууд, компаниуд, клуб, хамт олон, хувь хүн, оюутан бүрийг өөрсдийн нийгмийн оролцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж идэвхтэй оролцохыг урьж байна.

 

 

Лхамжавын Батбаяр

Хойд Америкийн Монголчуудын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Үүсгэн байгуулагч Колорадо Мужийн Монголчуудын Холбооны Ерөнхийлөгч

 

 

Байршил: Doubletree Hotel, Crystal Хурлын танхимд

Хаяг: 3203 Quebec Street, Denver, CO 80207

Огноо: 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Эхлэх цаг: 08:00 цагт

 

Хуралдайн хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.

Хуралдайд оролцох хүмүүс Doubletree зочид буудалд хямдралтай үнээр хоногийн $79.00 ( НӨТ) байрлах боломжтой ба нисэх онгоцны болон зочид бүуудлын хооронд үнэгүй автобусаар үйлчлүүлэх болно. Буудалд өрөө захиалахдаа 1-800-222-Tree(8733) ба 303-321-3333 утсаар холбогдож Mongolian Group гэж захиална уу. Зочид буудлын өрөө энд дарж захиална уу.

Мөн 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дэнвер хотын Байгаль, Шинжлэх Ухааны Музейд нээгдэх “Чингис Хаан” үзэсгэлэнгийн нээлт, Гала хүлээн авалтад оролцох боломжтой юм. Хуралдайн үеээр өөрийн бизнесээ сурталчлах ширээ ажиллуулах болон бидэнтэй хамтран ажиллах сонирхлтой байгууллага хувь хүмүүс info@namalliance.org хаягаар холбогдоно уу.

Хуралдайн талаар дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Хуралдайд оролцох хүмүүс энд дарж бүртгүүлнэ үү.

“Чингис Хаан” үзэсгэлэнгийн нээлт Гала хүлээн авалтын талаар дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

 

Ерөнхий зохион байгуулагч: 

NAMA

Ерөнхий ивээн тэтгэгч:

ХААН Банк

Хамтран зохион байгуулагчид:

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам   Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам   United States Census 2010

Denver Sister Cities, International      ГЭСҮ

Би Чамд Хайртай 2   Колорадод Төгсөгчдийн Холбоо

Фото агшин
NAMA ба NAMBC-нхан
NAMA, North America Mongolian Alliance © 2009. All Rights Reserved.
 
Developed by Infinite Solutions Co., Ltd